http://nyamkatsag.forumotions.net/t2----#2


Tuesday, November 9, 2010

Цаг:Николас Ж.Хайекийн Оросын GQ сэтгүүлд өгсөн ярилцлага

Цаг:
- Ноён Хайек би таныг сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж эсвэл ямар нэг зүйлд зориулж цагаа өдөрт хэд хэдэн удаа сольж зүүдэг гэж сонссон. Яг одоо ямар цаг зүүсэн байна вэ?
- Юуны өмнө би танай сэтгүүлд хүндэтгэлээ илэрхийлье. Энэ бол миний амьдралдаа өгч байгаа 38.000 дахь ярилцлага. Энэ тоо намайг Европт хамгийн алдартай хүн болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймээс би Swatch группын цаг үйлдвэрлэдэг 18 фирмийн цагнуудыг сурталчилахдаа өөрийн нэр хүндийг ашигладаг. Ер нь өдөрт 2 юм уу 3 цаг зүүж заншсан. Өнөөдөр л гэхэд Swatch-ийн хамгийн анхны цагийг зүүсэн. Нэг музей намайг 18 мянган доллараар зараач гэж шаналгадаг юм. Яах юм бэ? Миний дансанд хэдэн доллар дахиад нэмэгдэнэ, харин энэ цаг бол ганц шүү дээ.

- Та урьд нь өөр фирмийн цаг зүүж байсан уу?
- Хэзээ ч үгүй. Харин та надад ямар нэгэн цаг санал болгож чадах уу?

- Та миний сонголтыг шоглох байх л даа?
- Тийм ээ. Хамаг учир нь бид Швейцарийн бараг бүх цагны үйлдвэрийг эд ангиар хангадагт байгаа юм. Бид Breitling-ийн бүх механизмыг хангадаг, Rolex-ийн бүх хаах тохиргооны зангилаанууд болон спиралийг хийдэг, мөн Patek Philippe, Officine Panerai ч манайхаас бүх механизмаа авдаг.

- Та бол цагны үйлдвэрлэл дэхь Наполеон бөгөөд Swatch-оор та цагны үйлдвэрлэлд “Францын хувьсгал”-ыг бий болгосон. Өмнө нь цаг бол зөвхөн хувийн тэмдэг байж, өвлүүлдэг байсан. Харин Swatch бол бүх нийтийн сонголтын эрх гэж хэлж болмоор. Та юу гэж бодож байна?
- Мөн харьцуулав аа. Наполеон Ватерлоод ялагдсан. Харин би хэнд ч ялагдаагүй шүү. Тэгэхээр Македонский дээр зогссон нь дээр байх. Харин үзэл бодлын хувьд, хэдийгээр Форбс сэтгүүл намайг дэлхийн хамгийн баян 150 хүний тоонд оруулсан ч би энгийн ардаараа үлдэх хүн. Харин улс төрийн хувьд бол би өдөөн хатгагч. Хэрэв төр засаг, улс төрийн намууд тэнэг зүйл хийвэл би тэднийг шүүмжилдэг. Канцлер Хельмут Колийн зөвлөх байхдаа ичиж зоволгүйгээр түүний алдааг хэлж өгдөг байсан.

- Коль, Ширак нар таныг сонсдог байсан уу?
- Сонсоно. Тэд ухаантай хүмүүс. Тэд намайг мэргэжилтэн биш, харин философич гэж хүлээн авдаг байсан. Би америк маягийн үйлдвэрийн эзэн биш, философич үйлдвэрийн эзэн. Илжгийг Зальцбургийн хөгжмийн сургуульд явуулаад ч Моцарт болохгүй. Хэн ч намайг энэ тал дээр ятгаж чадахгүй.

- Цагны үйлдвэрлэлд тэгээд олон илжигнүүд байна уу?
- Өнөөдөр Америк ч, Европ ч, үйлдвэрлэлийн бүх салбарууд нь инерцээрээ явж байна. Ямар ч шинэ соргог зүйл бодож олохгүй, сэтэхгүй, зүгээр л бизнес коллежуудад цээжилсэн томьёоллоо л удирдлага болгож байна. Дээр үеийн сургуулийн эзэд бол жинхэнэ зураачид, уран бүтээлчид байсан. Харин одоо тэд компанийхаа толгойд Харвард төгссөн нэг илжиг тавьчихаад, өөрсдөө ард нь навчин тамхиа татаад сууж байна. Утгагүй, муухай, хэрэггүй зүйлс үйлд¬вэрлэж дэлхийг хог новшоор дүүргээд л.

- Энэ Харвардын тэмээнүүд таныг юу гэж ярьдагийг та мэдэх үү?
- Тэд амжилтыг хүндэлдэг хүмүүс учир сайнаар ярьдаг. Миний баянд биш, эрх чөлөөтэйд минь тэд атаархдаг.

- Та өөрийгөө философич бизнесмэн гэлээ. Ямар сургуулийг нь төлөөлдөг вэ?
- Хэрэв надад гүн ухааны ямар зохиол нөлөөлсөн бэ гэвэл би Редьярд Киплингийн “Хэрвээ” гэдэг шүлгийг нэрлэх байсан.

- Францын зохиолч Мишель Уэльбек одоогийн барууны соёл иргэншилд ноёлж байгаа реклам сурталчилгаа хүнийг аз жаргалгүй болгож байна гэж үздэг. Реклам нь хүний дур хүслийг татах ямар нэг дүр төрхийг бий болгож, хүн энэ зүйлийг авсанаар компьютерээр хэвлэсэн, лакадсан шиг төгс төгөлдөр болчих юм шиг санаа төрүүлдэг. Реклам нь хөгшрөлт, үхлийг хүртэл үгүй болгож байх шиг?
- Би таны тэр Уэльбектэй санал нэг байна. Реклам амьдралд маш их эмгэнэлт зүйлсийг авчирч байна. Гэхдээ бид хэнийг ч хуураагүй. Swatch-ийн реклам бол ардчилсан. Brequet зэрэг маш үнэтэй цагны рекламанд бид сайхан төрхтэй модель тоглуулдаггүй. Зүгээр л бараагаа гаргаж харуулдаг. Omega цагандаа нэр хүндтэй хүмүүсийг оролцуулдаг. Үүнд ч гэсэн ямар ч хуурмаг зүйл үгүй. Бид тэднийг нүцгэлддэггүй, бид өөрсдийн гэсэн түүхтэй, онцгой зан чанартай хүмүүсийг сонгохоос биш зүгээр нэг амттай харагдах МАХАН МЭДРЭМЖИЙГ сонгодоггүй.

- Сүүлийн 2 жилийн үйл явдлууд (9-р сарын 11, Ирак дахь дайн…) худалдан авагчдын сэтгэл зүйд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг үү? Баян тансаг байдал үзүүлэхийг нийгмийн дээд давхарга ч буруушааж, даруухан аж төрөх үе болж байгаа юм биш үү?
- Би одоогийн ЕХ-ны Ерөнхийлөгч ноён Де Лорын үгийг санаж байна. Тэрээр Францын засгийн газарт сайд байхдаа намайг яаж Япончуудыг ялсан тухайд лекц уншихыг хүссэн юм. Тэрээр миний жишээгээр мөнгө гуйсан олон компаний төлөөлөгчдөөс өөрийгөө хамгаалсан. Тэрээр “Дараагийн дайн өрнө дорнын хооронд биш, харин умард өрнөдийн хооронд болно, өөрөөр хэлбэл баян ядуучуудын хооронд” гэж хэлсэн юм. 9-р сарын 11-нийг энэ дайны эхлэл гэж ойлгож болно. Энэ дайны шалтгаан нь шашин болон улстөр гэдэгт би итгэдэггүй. Энэ бол ердөө л телевиз, интернэт зэрэг мэдээллийн технологийн өндөр хөгжлийн уршиг. Зүгээр л, умардынхан хойд зүгийнхний хэрхэн сайхан амьдарч буйг мэдсэн юм. Гай гамшгийн төвийг зохиож олоод, түүнийгээ Ирак гэж бөмбөгдсөнөөр хямралыг шийдэхгүй. Энэхүү ялгааг арилгахыг, 3-р ертөнцийг 1-р ертөнцтэй ойртуулахыг л хичээх хэрэгтэй. Өөрөөр энэхүү умард өрнөдийн дайнаас зугатаж чадахгүй. Сайн бодох юм ирээдүйн дэлхийн засгийн газар швейцарчуудаас бүрдвэл сайнсан. Бид энд, швейцарт, хүн шиг амьдарч сурсан улс шүү дээ.

Николас Ж.Хайек Swatch цагийг зохион бүтээснээрээ Швейцарийн бууж өгөхөд бэлдэж байсан Японтой хийх “цагны дайн”-д ялсан юм.

No comments:

Post a Comment